top of page

Батчулууны Сэргэлэн

Урлаг судлаач, эрдэмтэн, багш, мэргэжлийн куратор

Б.Сэргэлэн нь Монголын урлаг судлалын хоёр үеийн уламжлалыг залгамжлагч, эрдэмтэн судлаач, багш, мэргэжлийн куратор юм. Тэрээр МУБИС-ийн хүндэт профессор, зураач, урлаг судлаач Т.Батчулууны охин бөгөөд Монголын урлаг, соёлын өвийг хамгаалан хадгалах, улмаар олон улсын тавцанд сурталчлан таниулах үйлсэд өөрийн мэдлэг, туршлагаа зориулан ажиллаж ирсэн билээ. Сэргэлэн нь “Цагаан өвгөний дүр Монгол туургатны урлагт: Монгол, Халимаг, Буриад” сэдвээр 2004 онд дэд докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлаа гүнзгийрүүлэх зорилгоор дээрх бүс нутгуудаар олон жилийн туршид аялан ажиллаж, шашны урлаг, монгол туургатны соёл, урлаг, уламжлалыг цогц байдлаар шинжлэн судалж, дүрслэх урлаг дахь иконографи, иконологийн харилцан уялдаа, хэлхээ холбоог нарийвчлан баримтжуулсан байна. Энэхүү өргөн хүрээ, гүн агуулга бүхий судалгаа нь түүний эрдэм шинжилгээний бүтээлүүдийн суурь эх сурвалж болж, улмаар урлаг судлал, соёлын салбарын дараагийн үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр Монгол болон ОХУ-ын их, дээд сургуулиудад олон жилийн турш багшилж, судалгааны баялаг туршлага, арвин дадлага дээр тулгуурласан академик мэдлэгээ оюутан, судлаачдад түгээн дэлгэрүүлсэн онолын сайн бэлтгэгдсэн мэргэжилтэн юм. Судлаач, багшийн ажлынхаа зэрэгцээ 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, урлаг судлалын чиглэлийн телевизийн нэвтрүүлгүүдэд удаа дараа оролцсон байна. Мөн дотоод, гадаадын нийт 20 орчим үзэсгэлэнд куратороор ажиллаж, олон улсын чанартай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, 2010 онд БНСУ-ын Сөүлийн их сургуульд, 2013 онд Кёнгхи их сургуультай хамтран Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан үзэсгэлэнгүүд нь онцлох үйл явдлуудын нэг болсон билээ. Сэргэлэн нь олон улсын хамтарсан магадлан итгэмжлэлийн шинжээчээр ажилладаг бөгөөд түүний академик мэдлэг, судалгааны арга зүй нь урлаг судлалын салбарын хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байна.

Untitled design (2).png
bottom of page