Боржигон овгийн Баясгалангийн Уранзул
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх
"Урлаг бол миний хувьд зөвхөн ажиглах зүйл биш, амьдралын маань хором мөч бүрийг хөглөдөг амьд оршихуй юм."
Б.Уранзулын амьдралын замнал анхнаасаа л урлагийн дулаан уур амьсгал, бүтээлч эрч хүч дунд эхэлсэн юм. Мэргэжлийн зураач аавынхаа урлан дахь будгийн анхилуун үнэр, зотон дээр буух бийрний хэмнэл дунд өссөн нь түүнийг урлагийн нарийн мэдрэмжтэй хүн болгон төлөвшүүлжээ. Уранзул зураг зурах, бүжиглэх, загвар дизайны ертөнцөөр аялахыг хүмүүний өөрийгөө илэрхийлэх уянгалаг хэл гэж үздэг бөгөөд урлаг хэзээд түүний зүрх сэтгэлд хамгийн дотно, дулаан орон зай байсаар ирсэн байна. Уранзул санхүүгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй мэргэжилтэн бөгөөд урлагийн галерей урт хугацаанд оршин тогтнож, дэлхийн хэмжээнд үнэлэгдэхэд бүтээлч сэтгэлгээнээс гадна бат бөх санхүүгийн бүтэц, алсын хараатай төлөвлөлт нэн чухал байдгийг онцлоно. Тэрээр санхүүгийн салбарт хуримтлуулсан мэдлэг, туршлагаа урлагийн мэдрэмжтэйгээ хослуулан, TIG Art Gallery-ийн уран бүтээлчид, үзэсгэлэн, төслүүдийг олон улсын түвшинд үнэ цэнтэйгээр байршуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2015 оноос хойш TIG Art Gallery-ийн үүсгэн байгуулагч Б. Гүнсэнтэй мөр зэрэгцэн хамтран ажиллаж ирсэн ба, Монгол хүний оюун ухаан, уран сэтгэмжээр бүтсэн гайхамшигт бүтээлүүдийг дэлхийн соёл урлагийн түүхэнд шинэ өнгө болон гэрэлтэхэд өөрийн хувь нэмрийг оруулах нь түүний амьдралын бахархалтай үйлийн нэг юм. Уранзул нь хамтын ажиллагааг зүгээр нэг түншлэл биш, харин ижил хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн нэгдсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт гэж үздэг нэгэн.

