
МОНГОЛ УЛАМЖЛАЛТ
ШҮТЭЭН УРЛАЛ
Буддын гүн ухааны амар амгалан, нүүдэлчин соёлын хязгааргүй эрч хүчтэй уусан нэгдэх Монголын Сонгодог Урлахуй Ухааны нандин ертөнцөд тавтай морил!
Орчин үеийн монголын дүрслэх урлагийн үндэс сууринд уламжлалт шүтээн урлахуйн ухаан нь голлох байрь суурь эзэлдэг бөгөөд дэлхийн сонгодог урлагт олон зууны турш сав ертөнцийн жам ёс, тэнцвэрт оршихуйн үзлийн түгээмэл хэл болон цуурайтсаар ирсэн билээ. Оршин байна гэдэг нь эхлэл төгсгөлгүй үргэлжлэх харилцан хамаарлын нэгээхэн хэсэг байхын нэр. Түүхийн аль ч цаг үе, ямар ч соёл иргэншилд "би" гэдэг ойлголт хэзээ ч тусгаарлагдсан арал байсангүй, харин байгаль дэлхийн амин сүнсний нэгэн зангилаа байсаар ирсэн. Буддын гүн ухааны Хоосон чанарын (Шуньята) логик дотор энэхүү холбоосны үндэс оршино. "Хоосон" гэдэг нь "юу ч үгүй" гэсэн ойлголт бус, харин бүх юмс үзэгдэл бие даасан буюу тусгаар орших чанараар хоосон болохын илэрхийлэл. Навч гэхэд л өөрөөсөө ангид "навч биш" харин олон төрлийн элементүүд болох нарны гэрэл, хур бороо, хөрс шороо гэх мэт нөхцөл шалтгааны улмаас бүрддэг тул өөрийн гэсэн тусгаар мөн чанараар хоосон болох. Энэ бол шүтэн барилдлагын дээд хэлбэр буюу орчлон ертөнцийн нэгээхэн зангилааг хөндөхөд цаг хугацаа орон зай даяар цуурайтдаг нууцлаг боловч амьд мөнхийн хэлхээс юм. Барууны гүн ухаанд, тухайлбал Морис Мерло-Понтигийн "Ертөнцийн махан бие" хэмээх онолд бидний бие махбодь болон Эх дэлхий нэг ижил эдээр хийгдсэн гэж үзсэн бөгөөд бид байгаль дэлхий дээр зүгээр нэг алхалж яваа хүмүүс бус, харин түүний нэгэн хэсэг ба илэрхийлэл нь юм. Цаашилбал уулыг харна гэдэг нь ууланд харагдахын нэр; амьсгална гэдэг нь агаар мандал бол бидний дундын "том уушиг" гэдгийг ухаарахын нэр гэжээ. Энэхүү метафизик үнэн нь Нүүдэлчдийн соёлд өдөр тутмын амьдралын зан үйл болон хэрэгждэг. Хүмүүн бидний нүдэнд үл үзэгдэх сахиусан тэнгэрүүдийг хүндэтгэснээр ариун нандин шүтэн барилдлагын дээд ёсыг сахин хамгаалах нь нүүдэлчиm бидний амар амгалан оршихуйн үндэс юм. “ТИГ” Арт Галерейн хамт олон бид энэхүү гайхамшигт аялалд хөл нийлүүлэн, Монгол Шүтээн Урлалыг дэмжин тэтгэж, дотооддоо болон олон улсад түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчээ нэгтгэн чармайн ажиллаж байна.
Зураган дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.
_edited.jpg)












